rosa

2013-02-04

"Давхар ургасан шүдийг авахуулах хэрэггүй"

- Хүүхдэд амнаасаа хоол өгөх нь шүдний өвчин үүсгэх хамгийн эхний шалтгаан -

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсад шүдний өвчлөл эрс нэмэгдэж байгаад эмч, мэргэжилтнүүд сэтгэл зовинож байна.

Монголын нүүр, ам, эрүүл ахуйн холбооноос хийсэн судалгаагаар насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь шүдний ямар нэг өвчлөлтэй болохыг тогтоожээ. Мөн 40-өөс дээш насныхан хиймэл шүд хийлгэх нь ихэссэн гэнэ. Одоогоос 20-30 жилийн өмнө монголчууд сүү, цагаан идээгээ өргөн хэрэглэдэг байсан учраас шүдний өвчлөл бараг гардаггүй байсан. Гэтэл хот суурин газрын иргэд цагаан идээ хэрэглэх нь багассан, амны хөндийн ариун цэвэр буруу сахиснаас болж энэ төрлийн өвчлөл нэмэгдэх болсон гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Тиймээс энэ удаагийн дугаарт хүүхдийн шүдний өвчлөл, түүнээс хэрхэн сэргийлэх тухай дараах мэдээллийг бэлтгэлээ. Энэ тухай “Шидэт Од” эмнэлгийн захирал, шүдний эмч Г.Ганчимэгтэй ярилцлаа.

 -Өнгөрсөн хавар явуулсан “Эрүүл хүүхэд аян”-ы хүрээнд Монголын өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийг үзлэгт хамруулахад 91.3 хувь нь амны хөндийн өвчтэй гарсан гэх мэдээ бий. Хүүхдүүдийн дунд энэ өвчлөл нэмэгдэж буй шалтгаан нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ сүүн шүдэнд анхаарал бага тавьдагтай холбоотой гэж тайлбарлах хүмүүс бас байна. Харин та ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд ялангуяа 1990-ээд оноос хойш хүүхэд, насанд хүрэгчдийн дунд шүдний өвчлөл маш их нэмэгдэж байна. Нүүр, ам судлалын сургууль зэрэг холбогдох байгууллагаас хийсэн судалгаагаар 12 настай хүүхдийн 84 хувь нь 5-6 настай хүүхдийн 94 хувь нь шүд цоорох өвчтэй байна. Бүр тодруулбал нэг хүүхдийн таваас зургаан шүд цоорхой байна гэсэн судалгаа байдаг юм билээ. Үүнээс үзэхэд шүдний цооролгүй, эрүүл шүдтэй хүүхэд ховор байна. Шүд бол хүний хамгийн чухал эрхтэн. Тиймээс үр хүүхдийнхээ эрүүл мэндийн асуудалд эцэг, эхчүүд хэвлийд байхаас нь эхэлж анхаарах хэрэгтэй юм. Яагаад гэвэл, хүмүүс ихэвчлэн хүүхэд гарсаны дараа түүний эрүүл мэндийн асуудлыг ярьдаг.

Тухайлбал, 1-3 настай хүүхдийн шүд нь яагаад цоороод байна. Ийм эртнээс яагаад өвчилдөг билээ гээд гайхдаг. Гэтэл хүүхдийг гэдсэнд байхад нь, жирэмслэхээс өмнө түүний эрүүл мэндэд санаа тавих ёстой байдаг. Мөн ээж нь өөрөө эрүүл байх нь хамгийн чухал. Гэр бүлийн гишүүдээ ч эрүүл шүдтэй, амны хөндийн ариун цэврийг сайн сахиж сургах хэрэгтэй. Манайханд нэг их дутагдал байдаг, хүүхэддээ амнаасаа хоол өгдөг. Энэ бол шүдний үрэвсэл, гэмтлийн хамгийн эхний шалтгаан. Хүүхэддээ эрүүл мэндийн боловсролыг цэцэрлэгийн насанд нь өгөх хэрэгтэй. Мөн хүнсэндээ хамгийн гол анхаараалаа хандуулах шаардлага нийгмийн хөгжлийг дагаад гарч байгаа юм.

- Хүүхдийн шүд эрт цоорч байгаа гол шалтгаанууд нь юу байна вэ. Хамгийн түрүүнд идэж буй хоол хүнстэй холбоотой байгаа байх?
- Хүмүүс шүдний өвчлөлөөс бүх төрлийн өвчин үүсдэг гэдгийг нэг үеэ бодвол харьцангуй ойлгодог болсон. Манай ард түмэн эртнээс шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг байсан. Тиймдээ ч үндэсний уламжлалт хоол хүнсийг өдөр тутам хэрэглэхээс гадна амны хөндийн ариун цэврийг сайн сахидаг байсан. Гэтэл сүүлийн 20 жилд хүн амын дундах хоол хүнсний бүтэц, амьдралын хэв маяг өөрчлөгдсөний улмаас шүдний өвчлөл асар их нэмэгдсэн. Манайхан шүд цоорохоос урьдчилан сэргийлэх аргуудыг сайн хэрэгжүүлэхгүй байна. Сүүлийн үеийн анагаах ухааны аргуудыг бас хүмүүс мэдэхгүй байна. Шүдний дөнгөж хатуу үед, шүдний гадна давхарт цуурах үед цоорохоос хамгаалах эм бэлдмэлүүд хэрэглэх нь сайн. Шүдний гадаргууг фторжуулах түрхлэг ч бас байдаг. Урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэж занших, шүдний эмчилгээ оношилгоонд эртнээс хамрагдаж байвал хүүхдийн шүд эрүүл байх бүрэн боломжтой.

-Шүдний өвчин маш олон төрлийн өвчин үүсгэдэг гэдгийг хүмүүс мэддэг. Гэсэн хэдий ч хүүхдийнхээ шүдийг цоорсон даруйд нь шүдний эмчид ханддаггүй. Магадгүй энэ нь манайхны сэтгэлзүйтэй их холбоотой байх. Шүдний эмчийг “Аймаар” гэсэн ойлголт их түгээмэл байдаг шүү дээ?
-Тэр үнэн шүү. Манайханд тийм хандлага бий. Тэгэхдээ сүүлийн үед харьцангуй буурсан гэж бодож байна. Ер нь шүдний эмч гэлтгүй, аль ч эмнэлгийн ямар ч эмчид үзүүлсэн, эмч нарын харилцаа, ёс зүй, хандлага нь тухайн хүний сэтгэлзүйд их хүчтэй нөлөөлдөг шүү дээ. Тэр тусмаа хүүхдэд хамгийн анх очсон эмнэлгийн эмчилгээ нь төсөөлөлд тод дурсамж үлдээсэн байдаг. Сэтгэхүйд нь ч гэсэн их зүйлийг үлдээсэн байдаг. Бага насны хүүхдийг яаж хүлээж авах нь хүртэл тухайн эмнэлэг, эмчид чухал асуудал.

 Эмч өөр өөрийн гэсэн аргатай байх учиртай. Хамгийн гол нь анхны үзлэг, эмчилгээ нь айдас,зовиургүй байх ёстой. Анхны үзлэг айдас, зовиуртай байвал тэр хүүхэд дахиад эмчид хандахгүй шүү дээ. Тийм учраас үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор сүүлийн үед эмнэлгүүдэд хүүхдийн тусгай булан, өрөө байгуулахыг шаардаж байгаа. Мөн гэртээ ойрхон хороо, өрхийн эмнэлэгт хандахад хүртэл хүндрэлгүй үйлчлүүлэх ёстой байдаг. Үүнийг манай төр засгаас бодлогоор зохицуулах шаардлагатай байгаа юм. Тухайлбал, төлбөртэй хувийн эмнэлгүүдээр үйлчилж чадахгүй. Шүд нь өвдөж байгаа хүүхэд олон л байгаа шүү дээ.

-Зарим эцэг, эхчүүд 2- 3 настай хүүхэд сойз хэрэглэж чадахгүй. Цэцэрлэгт нь хүртэл оо, сойз өгөөд хэрэг байна уу гэсэн хандлагатай байдаг. Ер нь хүүхдийг хэдэн наснаас нь эхлээд шүдийг нь арчлах ёстой юм бэ?
- Эцэг, эхчүүдийн дунд нэг буруу ойлголт байдаг. Сүүн шүд нь унаж, байнгын шүдийг нь гараад ирэхээр хамгаалъя гэдэг. Нэгэнт сүүн шүдэндээ анхаарал тавьж чадаагүй нөхцөлд байнгын шүд ямар нэг гажигтай байх тохиолдол байдаг. Ер нь бол хүүхдийн шүдийг хоёр наснаас нь эхлэн сойзоор угаадаг. Энэ наснаас нь хойш хүүхэд өөрөө шүдээ угаах ухамсартай болдог. Үүнээс өмнө хүүхдээ шүдээ яаж угааж байгаад анхаарч байхад илүүдэхгүй.

- Сүүлийн үед хүүхдүүдийн шүдэнд хар түрхлэг түрхдэг болсон. Үүнийг түрхэхээр шүд цоордоггүй гэж ярих юм. Энэ тухай товчхон мэдээлэл өгөөч. Эрүүл мэндэд хоргүй юу?
- Сөрөг нөлөө байдаггүй. Аль шүдэнд, хаана түрхэхээ мэргэжлийн эмчээс асуусан тохиолдолд санаа зовох зүйл байхгүй. Дэлхийд шүдний цоорлоос ангижраад байгаа цорын ганц улс бол Япон. Энэ түрхлэг бол Японоос үүсэлтэй. Үүнийг сүүн шүдэнд, тэр тусмаа үүдэн шүдэнд түрхдэг онцлогтой. Түрхэхдээ өнгөц болон дунд цоорлын үед түрхдэг. Эрүүл шүдэнд түрхдэггүй. Зургаан cap болоод нэмж түрхүүлэх хэрэгтэй. Гэтэл эцэг, эхчүүд нэг удаа түрхүүлчихээд дахин түрхүүлэхгүй хаячих тохиолдол байдаг.

-Дөнгөж шүд нь ургаж эхэлж буй нэгээс хоёр ойтой хүүхдүүдийн шүд хорхой идэж байна гэх юм. Энэ нь хөхний сүү болон бусад нэмэлт бүтээгдэх үүнтэй холбоотой юу?
-Чихэртэй ус, чихрийн агууламж өндөртэй сүүгээр нялх хүүхдийг хооллох нь асар хор нөлөөтэй. Сүүн шүд маш эмзэг байдаг. Эцэг эхчүүд, гэр бүлийн хүмүүсийн энэ талын мэдлэг, мэдээлэл маш дутмаг байна.

-Сүүлийн үед шүдний аппарат зүүсэн хүүхэд цөөнгүй харагдах юм. Энэ аппаратыг хэдэн наснаас зүүдэг юм бэ. Мөн ямар гажгийг аппаратын тусламжтайгаар засч болдог вэ?
-Сүүн шүд унаад ясан шүд ургах үед нэг л том том шүд гардаг гэж эцэг эхчүүд ярьдаг. Энэ бол шүдний гажиг биш юм. Зайтай шүднүүдийг 10 нас хүртэл харах хэрэгтэй. Энэ хугацаанд дараагийн шүд гараад байрлал нь шахагдаад цэгцтэй болох тохиолдол байдаг. Хэрвээ 10-12 хүртэлх насанд хүүхдийн шүд хэвийн болохг үй бол гажиг заслын эмчид хандах хэрэгтэй. Гажиг заслын хувьд зуултын, шүдний гэсэн олон төрлийн гажиг бий. Тухайлбал, шаймий, дорсгой, муруй зуулт гээд л. Мөн 32 шүдтэй байх ёстой байтал 28, бүр 35 шүдтэй хүн ч байна. Хүний үүдэн шүд дөрөв байх ёстой байтал заримынх нь тав байх жишээтэй. Бас хэлбэр хэмжээ, хатуу эдийн, эгнээний гажиг гэж байна. Эгнээний гажиг гэхэд соёо нь ургаад эгнээндээ орж чадахгүй уруул руугаа ургачихдаг. Энэ бүх гажгийг эмчийн зааврын дагуу аппаратаар засч болдог.

-Зарим хүүхдийг анзаарч байхад давхар шүд ургасан, эсвэл их эвгүй соёо ургасан байдаг. Энэ ер нь юунаас болдог юм бол?

-Сүүн шүд нь унаагүй байхад дараагийн шүд нь гарч ирж байгааг зарим хүн давхар шүд гэж ташаа ойлгодог. Гол нь давхар шүдтэй хүмүүс мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Давхар шүд гарлаа гээд авахуулах талаар бодох хэрэггүй. Давхар шүд чинь хүний нүүрний хэлбэрийг гаргаж өгдөг. Мөн тархины судастай холбоотой байдаг.

-Шүдний аппаратыг хэдий хугацаанд зүүж байж гажиг засрах вэ?
-Авдаг аппаратыг 3-6 cap зүүж болно. Харин авагддаггүй аппаратыг 2- 3 жил зүүдэг. Үүний дараа шүд нь сайхан болж ирэхээр авдаг аппаратыг дахин хоёр жил зүүнэ. Үнэхээр сайхан шүдтэй болъё гэвэл 4-5 жил зарцуулна.

-Ярилцлагынхаа төгсгөлд хүүхдүүдэд зориулсан зөвлөгөө авъя. Танай эмнэлэгт үзүүлж, таниас болон эмч нараас чинь зөвлөгөө авъя гэвэл хаана хандаж, ямар утсаар холбоо барих вэ?
-Эрүүл шүдтэй болъё гэвэл, амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж сурах хэрэгтэй. Шүд угаах оо-гоо хүртэл зөв сонгох хэрэгтэй. Манайхан шүднийхээ өвчлөлд тохирохгүй шүдний оо хэрэглэх нь элбэг байдаг. Энэ нь шүдний өвчинг даамжруулсаар байдаг. Гэр бүлийн хүмүүс дундаа нэг оо хэрэглэдэг . Гэтэл тухайн айлд хорхой идсэн шүдтэй, мөн буйлны үрэвсэлтэй хүн байж болно.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 933 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

гоо сайхан

Сүүлийн бичлэгүүд

. Гар утасны хөгжлийн түүх
. шүлэг
. Зурхай
. Hard диск нуух арга
. Галт үнэгийн шинэ хувилбар албан ёсоор гарлаа
. Зураг
. Мартын 8-н үүссэн түүх
. Хоолны давс компьютерийн “хард дискний” багтаамжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ
. Компьютерийн вирус гэж чухам юу билээ
. Та өөртөө масажист
. Ашигтай зөвөлгөө
. Эрүүл хооллолт
. Монгол орны түүх соёл, хөгжил дэвшил
. Компьютерийн техник хангамж ба програм хангамж
. "Давхар ургасан шүдийг авахуулах хэрэггүй"

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Bymba
. Daimond

Тоолуур

Миний блогийн 30210 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 15 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн